Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ /УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга/
Бадмаанямбуугийн БАТ-ЭРДЭНЭ 1964 оны 6 сарын 07-нд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр Б.Болормаа нь волейболын спортын Олон Улсын хэмжээний мастер цолтой, философийн багш мэргэжилтэй, “Аварга” биеийн тамирын дээд сургуулийн захирлын алба хашдаг. Б.Бат-Эрдэнийн бөхийн болоод амьдралын замналд түшиг болсон хүмүүс нь түүний хадам аав Улсын заан Д.Барамсай, Хэнтий нутгийн хүү жүдо бөхийн барилдааны олимпын анхны мөнгөн медальт, Монгол Улсын Ардын багш, Монгол улсын гавьяат тамирчин, улсын өсөх идэр начин Ц.Дамдин нар юм.
ТОВЧООН
Б.Бат-Эрдэнэ Хан Хэнтийчүүдийн итгэл, сэтгэлийг өвөрлөн улс төр хэмээх их айлд анх хөл тавьсан 2004 оноос хойш Монгол Улсын парламентад тав дараалан сонгогдон төрийн түшээгээр ажиллаж байгаа бөгөөд 2013 онд Монгол Ардын Намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ард түмний өргөн дэмжлэгийг хүлээж байсан, байгаль орчныг хамгаалахын төлөө, хариуцлагатай уул уурхайн төлөө хамгийн идэвхтэй ажилладаг УИХ-ын гишүүдийн нэг юм.
Парламентын гишүүнээр ажиллахдаа улс орны хөгжлийн хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, орон нутагт тулгамдаж байгаа ажил, асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэхэд онцгойлон анхаарч, аливаа улс төрийн бүлэглэл фракцаас ангид байж зөвхөн сонгогч олныхоо элч, төлөөлөл байх төрийн түшээгийн үүргээ эрхэмлэн, нийгмийн шударга ёсны төлөө, нийгэмд бий болсон баян хоосны ялгааг арилгах, байгалийн баялгийн тэгш шударга хуваарилалтын төлөө тууштай тэмцэн үнэнч шударгаар ажиллаж, хичээн зүтгэж иржээ.
Б.Бат-Эрдэнэ төрийн түшээгээр ажиллахын зэрэгцээ нийгмийн сайн сайхны үйлсэд хувь нэмрээ оруулсан төр нийгмийн зүтгэлтэн байх үүргээ чин шударгаар биелүүлж яваа төрийн түшээ юм. Түүний үүсгэн байгуулсан ”Аварга” сургуулиас Монголчуудын 44 жил хүлээсэн анхны олимпын аварга Найдангийн Түвшинбаяр, жүдо барилдааны анхны дэлхийн аварга Хашбаатарын Цагаанбаатар, Ганбатын Болдбаатар нар төрөн гарсны зэрэгцээ тус сургуулиас хөрвөх чадвар чадамжтай, зөв хандлага төлөвшилтэй, амьдрах ажиллах чадвартай 2000 шахам мэргэжилтэй хүн хүчин төгсөн гарч, эх орондоо болон гадаадад амжилттай ажиллаж, суралцаж байна.
Түүнийг 2019 оны 6-р сарын 18-ны өдрийн УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын шийдвэрээр Ёс зүйн дэд хорооны даргаар сонгон ажиллуулсан нь төрийн нэр хүндийг өргөх, УИХ-ын үйл ажиллагаа, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, гишүүдийн ёс зүйн хэм хэмжээ, хариуцлагыг өндөржүүлэхэд Ёс зүйн дэд хороо чухал үүрэгтэй бөгөөд энэ хороог удирдах нийгмийн шаардлагыг бүрэн хангаж ажиллах хүн нь УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ гэж УИХ-ын зүгээс үзсэн шийдвэр, түүнд үзүүлсэн их итгэл юм. Тэрээр Ёс зүйн дэд хорооны даргын ажлыг хүлээн авснаас хойш УИХ-ын үйл ажиллагаа, сахилга хариуцлага, гишүүдийн ёс зүйн хэм хэмжээг парламентын засаглал хөгжсөн орнуудын жишигт хүргэх зорилгын хүрээнд УИХ-ын Ёс зүйн дүрмийг шинэчлэх, зарим УИХ-ын гишүүдийн хөрөнгө орлого огцом нэмэгдсэн асуудлуудыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцүүлэх, уг хүсэлтийг ирүүлсэн нэр бүхий төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэй хамтран хэвлэлийн бага хурал зарлаж нийтэд ил тод мэдээлэх, чуулганы хуралдаанд УИХ-ын гишүүдийн ирцийг бүрдүүлэх, онцгой дэглэмийн үед УИХ-ын гишүүдийн хариуцлагыг өндөржүүлэх зэрэг шат дараалсан арга хэмжээг авснаар Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг шинэ шатанд гарган, улмаар Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болгон өргөтгөн ажиллаж байна.
Тэрээр үе үеийн Улсын Их Хурлын чуулганд байгаль орчны доройтлыг арилгах, байгаль орчноо хамгаалах, гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль буюу Урт нэртэй хуулийн төслийг санаачлан боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж батлуулсан, газар тариалан болон бэлчээрийн бүсийг цэгцлэх, жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогыг тодорхой болгох, иргэдэд газар өмчлүүлэх ажлыг эрчимжүүлэх, өмчилсөн газрынх нь дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж өгөх зэрэг иргэдийн эрх ашигт чиглэсэн олон асуудлаар чуулганы хуралдаанд үг хэлж, яамдаас авах арга хэмжээний төлөвлөгөөнд өөрийн саналаа тусгуулан ажиллаж байна.
Тэрээр үе үеийн Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд эмнэлэгийн чөлөөтэй болон орон нутагт томилолттой байхаас бусад тохиолдолд оролцвол зохих бүх хуралдаанд оролцож, улс орны нийтлэг эрх ашгийн төлөө иргэд сонгогчдын санал хүсэлт болон өөрийн байр суурийг хэлэлцэж буй хууль, тогтоомжид боломжит хэлбэрээр тусгуулан ажилласан.
Б.Бат-Эрдэнэ улс төрд баримталсан эдгээр зарчим, байр сууриа УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралд үг хэлэх, тодорхой ажил хэрэгч санал дэвшүүлэх зэргээр илэрхийлсээр ирсэн нь Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол зэрэг баримт бичигт тусгалаа олсноос гадна өөрийнх нь хэвлүүлсэн хэд хэдэн ном товхимолд бүрэн эхээрээ орсон болно.
№ | Хаана | Албан тушаал | Он |
---|---|---|---|
1 | Монгол Улсын Их Хурал | Монгол Улсын Их хурлын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга | 2020 – Одоо |
2 | Монгол Улсын Их Хурал | Монгол Улсын Их Хурлын гишүүн | 2020 – Одоо |
3 | Монгол Улсын Их Хурал | Гишүүн | 2016 – 2020 |
4 | Монгол Улсын Их Хурал | Ёс зүйн дэд хорооны дарга | 2019 – 2020 |
5 | Монгол Улсын Их Хурал | Гишүүн | 2012 – 2016 |
6 | Монгол Улсын Их Хурал | Гишүүн | 2008-2012 |
7 | Монгол Улсын Их Хурал | Хууль зүйн байнгын хорооны дарга | 2009-2010 |
8 | Монгол Улсын Их Хурал | Гишүүн | 2004-2008 |
9 | “Аварга” биеийн тамирын дээд сургууль | Захирал | 1999-2004 |
10 | Биеийн тамир спортын *Хүч* нийгэмлэг | Тамирчин, Орлогч дарга, Дарга | 1983-2000 |
№ | Сургуулийн нэр | Хаана | Зэрэг | Мэргэжил | Он |
---|---|---|---|---|---|
1 | 8 жилийн дунд сургууль | Хэнтий аймаг | Дунд | 1972-1980 | |
2 | 10 жилийн дунд сургууль | Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум | Бүрэн дунд | 1980-1982 | |
3 | НАХЯ-ны Цэргийн дээд сургууль | Улаанбаатар | Дээд | Хуульч | 1985-1990 |
4 | МУИС-ийн ХЗДС | Улаанбаатар | Магистр | Хууль зүйн шинжлэх ухааны магистр | 1998-2000 |
5 | МУИС-ХЗДС | Улаанбаатар | Докторант | Хууль зүйн шинжлэх ухааны Докторант | 2000-2003 |
Эрдмийн зэрэг цол:
ШАГНАЛ
№ | Шагналын нэр |
---|---|
1 | Монгол Улсын гавъяат тамирчин |
2 | Монгол Улсын Дархан аварга |
3 | Монгол Улсын Хөдөлмөрийн баатар |
4 | Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль |
5 | Сонирхогчдын сумо бөхийн Дэлхийн аварга |
6 | Прокурорын байгууллага үүсч хөгжсөний 80 жилийн ойн “Хүндэт тэмдэг” |
7 | Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн “Хүндэт тэмдэг |
8 | “Байгаль орчны салбарын тэргүүний ажилтан” цол тэмдэг |