
Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн офицер, ахлагч хоёр гар бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн амиа алдаж, найман ахлагч шархадсан хэрэг энэ сарын 11-нд гарсан билээ. Түүнээс хойш буруутай албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдаж, зарим нь Батлан хамгаалахын сайдыг огцрохыг шаардсан.
Энэ үүргийн дагуу өнгөрсөн баасан гаригт ЗХЖШ-ын даргын зөвлөл хуралдаж, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Түүний оронд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагчаар ажиллаж байсан, хурандаа Ч.Түмэндэмбэрэлийг томилохоор өргөн мэдүүлсэн ч түдгэлзсэн сурагтай.
Мөн өнгөрсөн өвөл хугацаат цэргийн алба хаагч хөлөө хөлдөөсөн хэргийг нуун дарагдуулсан Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн захирагч, хурандаа Б.Батнямыг чөлөөлж, оронд нь ЗХЖШ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн, хурандаа Т.Лодойдамбыг томилсон байна.