
Монгол Улс Азийн ойн хамтын ажиллагааны байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрт 2017 оны наймдугаар сарын 21-нд гарын үсэг зуржээ. Дээрх хуулийн төслийг баталснаар Монгол Улс тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болж, хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрт хамрагдах, мэргэжилтэй боловсон хүчнээ олон улсын жишигт нийцүүлэн бэлтгэх таатай боломж бүрдэнэ хэмээн Засгийн газар үзэж байна.
Хуулийн төслийн танилцуулгийг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат танилцууллаа.
Хуулийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар хэлэлцэж, гишүүдийн 72.7 хувь дэмжсэн талаарх санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ танилцуулав.
Хуулийн төслийг соёрхон батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив. Ташрамд дурдахад, тус байгууллага 2012 оноос хойш гишүүн орнууддаа 300 мянгаас 2.5 сая ам.долларын төсөвтэй 30 гаруй төсөл хэрэгжүүлжээ.