
Тэрбээр иргэд, малчдад УИХ-аас батлан гаргасан хууль тогтоомж, шийдвэрүүдийг танилцуулаад тойрогтоо хийж хэрэгжүүлсэн ажлуудын талаар тайлагнав. Мөн сумын иргэдийн сайн дурын үүсгэл санаачилгаар байгуулагдсан “Малчдын бүлэг”-үүдийн сайн жишиг, туршлагуудтай танилцсан юм.
Аймагтаа анхны “Мянгат малчдын холбоо”-г байгууллаа.




Баянмөнх сум 2019 оныг “Малчдын бүлэг, хэсгийг дэмжих жил” болгон зарлаж, малчны бүлэг, хэсгүүдийн ажиллах журмыг баталсан байна. Нийт 29 малчны бүлэг байгуулагдаж, малчид хамтран ажиллаж эхэлжээ. 2007 оноос өрхүүдээ бүлгийн зохион байгуулалтад оруулсан бөгөөд энэ жилээс аравтын тогтолцоотой болж эхэлжээ. Тухайлбал, “Мөнх-Оргил” бүлэг нь 11 өрхийн 52 гишүүнтэй.
Бид өөрсдөө оролцож, хэлэлцсэний үр дүнд иргэдийн санал санаачилга, хүсэлтийг харгалзан төрийн байгууллага, албан тушаалтнаас гаргаж байгаа шийдвэр нь бодитой, хэрэгжихүйц, иргэдийн хүсэн хүлээсэн шийдвэр болж чаддаг юм байна” гэж бүлгийн ахлагч Ж.Пүрэвчулуун хэлж байлаа.

“Манай баг малчны 7 бүлэгтэй. Багийн Засаг дарга болон сумын удирдлагатай хамтран айл өрх бүрээр орж, цаг үеийн асуудлуудыг танилцуулж, малчдын санал бодлыг сонсож ажилладаг.
Баг, бүлгээрээ хамтран бэлчээр ашиглалтыг төлөвлөгөөтэйгөөр сайжруулах бэлчээр менежментийн төлөвлөгөөг боловсруулаад хэрэгжүүлж байгаа. Ингэснээр бэлчээр, өвөлжөө хаваржааны газрын маргааныг шийдвэрлэсэн” хэмээн Баянбулаг багийн дарга Б.Лхагвасүрэн танилцуулав.

Хэнтийн аймгийн Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх өөрийн суманд хэрэгжүүлж буй “Аравтын зохион байгуулалттай малчдын бүлэг”-ийн талаар танилцуулж, “Хандлага ба иргэдийн оролцоо” сэдвээр илтгэл тавьсан юм. Тус сумын “Аравтын зохион байгуулалттай малчдын бүлэг”-ийн зохион байгуулалт нь аймагтаа төдийгүй улсдаа жишиг болж байгаа юм. Баян-Овоо сум 4 багийн 28 малчны бүлэгтэй.
Баян-Овоо сумын Засаг дарга Д.Баянмөнх “Аль ч орон нутагт бэлчээрийн ашиглалт, малчдын өвөлжөө хаваржааны газар олголт, хилийн цэс, иргэдийн шилжилт хөдөлгөөн, төрийн мэдээллийг иргэдэд шуурхай хүргэх, иргэдээс мэдээлэл авах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зэрэг асуудал тулгамдаж байдаг. Иймд эдгээр асуудлуудыг шийдвэрлэхээр “Аравт” төслийг боловсруулж, хэрэгжүүлж эхэлсэн. Дээрх асуудлуудыг бүгдийг нь шийдэж чадсан. Орон нутгаа хөгжүүлэхэд иргэд мэдээлэлтэй, мэдлэгтэй, оролцоотой байх нь хамгийн чухал. Мэдээлэлгүйгээсээ болж хийж байгаа ажлыг шүүмжилдэг, үл ойшоодог, оролцдоггүй. Иргэдийн саналыг авч, хэлэлцүүлээгүй хийсэн ямар ч ажил явдаггүй. Иргэдээ сайн сонсож, иргэн төвтэй үйлчилгээг үзүүлэх ёстой. Мөн иргэдийн хандлагыг өөрчилж чадвал зорилгоо зөв тодорхойлж, үйл ажиллагаанд ч өөрчлөлт дэвшил гардаг. Аравтын зохион байгуулалт аж ахуйн, цэргийн, захиргааны шинжтэй үүргүүдийг гүйцэтгэдэг. Манай сумын тухайд сумын Засаг дарга, багийн даргад мэдээлэл өгөөд багийн дарга аравтууддаа дамжуулдаг” гэлээ.

Сум болон аймаг хоорондоо харилцан туршлагуудаас хуваалцаж, хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгааг дэмжиж ажиллахаа УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ илэрхийлсэн юм. Тэрбээр “Багийн хөгжлөөс улсын хөгжил эхэлнэ. Монголын эзэнт гүрний үед гэр бүл бүрийг хүчирхэг байлгахын тулд ижил чадвар, хүчтэй аравтын бодлого баримталж байсантай холбоотой. Өрх гэрт төрт ёс тогтвол, улс гэр төрт ёс тогтоно гэдэг. Өөрсдийн санаачилгаар нэгдэж, сэтгэлтэй, зүтгэлтэй байгаа цагт хөгжлийн гарцаа төвөггүй олно. Сум, багийн хөгжлийг дэмжиж ажиллана” гэлээ.

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Тэмүүлэн, Архангай аймгийн Эрдэнэмандал сумын Нутгийн зөвлөлийн төлөөлөгч нар Хэнтий аймгийн Баянмөнх сумын хэрэгжүүлж буй малчдын бүлэг, хэсгийн зохион байгуулалт, аравтын тогтолцооны талаарх сайн туршлагуудтай таницсан юм.

Зөв төлөвшилтэй, ёс суртахуунтай иргэний бага наснаас нь бэлтгэх зорилгоор УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хэнтий аймгийн хэмжээнд 32 цэцэрлэгт “Монгол бөхийн өгөөж” төслийг хэрэгжүүлж, бөхийн дэвжээ байгуулжээ. Мөн өмнө нь ерөнхий боловсролын сургуулиудад “Нутгийн салхи” төслийг хэрэгжүүлж, спортоор дамжуулан хүүхдийг хүмүүжүүлэх олон ажлыг зохион байгуулсан байна.

УИХ-ын гишүүдийг Баянмөнх суманд ажиллах үеэр тус сумын есдүгээр цэцэрлэгийн төгсөлтийн баярын үйл ажиллагаа таарсан юм. Уг үйл ажиллагааны үеэр Монгол Улсын дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн нэрэмжит цэцэрлэгийн насны хүүхдийн Үндэсний бөхийн “Аваргын хишиг” барилдаан болж, аваргуудаа шалгаруулсан юм.