
-Монголын төр ард түмний биш, дэлхийн улс орны баялгийг ашиглаж, улс дамжин наймаалдаг уул уурхайн томоохон компаниудын эрх ашгийг илүү бодож хуулиа баталсан учраас л нинжа гэдэг хүмүүс бий болсон. Төр бодлогын алдаа гаргаснаас уул уурхай, эрдэс баялгийн салбарт ийм гажуудал үүссэн. Анхандаа нинжа нар энэ үйл ажиллагаагаар амьдралаа залгуулж байна гэдэг байсан бол одоо бүр дон болж хувирсан байна. Нэг хэсэг газрыг ухаж дуусаад өөр газар руу нүүдэллэж байгаа.
Энэ алдаагаа засахын тулд УИХ Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан юм. Хуулийн дагуу нөхөрлөлийн зохион байгуулалтад орсон гар аргаар алт олборлогчдод тухайн орон нутаг, сумын Засаг дарга үйл ажиллагаа явуулах эрх олгоно. Ингэхдээ зөвхөн ашигт малтмалын үйлдвэрлэлийн бус агуулгатай эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон үүсмэл орд, илрэл бүхий талбайд, нэг суманд 25-50 га талбай олгоно.
Гэхдээ Ашигт малтмалын тухай хуульд заалт оруулснаар нинжа нарын асуудлыг бүрэн шийдэж чадахгүй.
-УИХ-аас баталсан хууль тогтоомжийг хэрэгжүүлэхгүй байх сонирхолтой хэсэг бүлэг бас бий. Тухайлбал, 2009 онд баталсан “урт нэртэй” хуулийг хэрэгжүүлэхэд уул уурхайн компаниуд, тэдний ард байдаг улстөрчдийн эсэргүүцэлтэй тулгарсаар байна. Хэрэв ой, усны сав газарт явуулж буй үйл ажиллагааг нь зогсоовол нинжа нарыг түрж оруулна гэж сүрдүүлдэг.
Тэднийг энэ үйл ажиллагаандаа татан оролцуулах зохион байгуулалттай сүлжээ байна. Манай улсын бодлогод гаднынхан нөлөөлөх хэмжээнд хүргэсэн энэ тогтолцоог өөрчлөх хэрэгтэй. Монгол Улсын аюулгүй байдал, орших уу, эс орших уу гэдэгтэй холбоотой асуудал шүү дээ. Дээрх заалтаар бүрэн зохицуулж чадахгүй.