Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ хууль санаачлагчдаас асуулт асуусан юм.
Нэгдсэн бодлого байхгүй учраас эцэс төгсгөлгүй зүйл болох гээд байна. Тухайлбал, хувийн хэвшилтэй холбоотой асуудал, цалин, нийгмийн баталгаатай холбоотой асуудал чирэгдээд, үүнийгээ дагаад бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, цаашилбал инфляци, өрхийн амьжиргаа гэсэн олон асуудалд нөлөөлөөд байгаа учраас төр нэг бодлого гаргахгүй юмуу. Зангидаж бодлого гаргахгүй бол амаргүй юм болох нь байна. Бид халамжаас хөдөлмөрт гэсэн зорилт дэвшүүлсэн.
Хөдөө, хотод аль ч шатанд ажил хийх хүн олдохгүй байна гэж байгаа нь зөвхөн халамжаас шалтгаалж байна гэдэг нь өрөөсгөл дүгнэлт гэж бодож байна. Ялангуяа төрийн албан хаагчдын цалин, нийгмийн халамжтай холбоотой нэгдсэн нэг бодлого байхгүйгээс хооронд нь өрсөлдүүлээд нэмэгдүүлээд яваад байгаатай холбоотойгоор цаашид хүндрэлтэй байдлууд бий болох нь байна. Хууль санаачлагчид энэ талаар ямар бодлого баримтлах вэ? Хууль санаачлагч С.Чинзориг гишүүн хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарт олон жил ажилласан туршлагатай хүн, бид өмнөх 2016-2020 оны парламентад сууж салбаруудын цалин, нийгмийн хамгааллын баталгааг ялгамжгүй тогтоох ёстой, төр тодорхой бодлого гарган түүнийгээ хатуу баримтлах ёстой гэдэгт санал нэгдэж байсан. Хууль санаачлагч С.Бямбацогт гишүүн тодорхой хариулт өгөх байх.
Түүний асуултад УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хороон дарга С.Бямбацогт хариуллаа.