
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Бид ардчилсан нийгэмд амьдарч байгаа шүү дээ. Иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй. Байр сууриа хаана ч илэрхийлэх эрх нь нээлттэй байгаа. Үгээ хэлж, санал санаачилга гаргаж байгаа бол төр хүндэтгэлтэй хандах ёстой биш гэж үү. Иргэдээ хүлээж авч уулзаад, асуудлыг нь ярилцдаг байх ёстой гэж би үздэг хүн. Яг нэг жилийн өмнө талбай дээр өлсгөлөн зарласан иргэдтэй би очиж уулзаж байсан. Одоо хүртэл холбоотой байдаг. УИХ-аас тэр иргэдтэй ойлголцох ажлын хэсэгт би орж ажилласан. Зарим асуудал нь урагштай л явж байна. Өөрөөр хэлбэл, би тэдэнтэй уулзсан хэрэг. Уриалах биш л дээ.
-Тавьж байгаа асуудал нь хэр зэрэг хууль зүйн үндэслэлтэй байгаа вэ гэдгийг үзэх л ёстой. Мухар шаардлага тавих юм бол эцсийн дүндээ хэн ч хожихгүй. Ард түмний эрх ашиг хөндөгдөх, улс оронд тогтворгүй байдал бий болох, Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг булааж авах асуудал байдаг учраас аль аль талдаа идэвх санаачилга гаргах хэрэгтэй. Ер нь бол иргэдэд энд хэдэн хүн байна гэдэг байр сууриар хандах ёсгүй. Зохион байгуулалтад ороод санал бодлоо илэрхийлэх нь битгий хэл, нэг хүн ч гэсэн надтай уулзахад би Толгойтын Зүүн салаа, Яармагт байсан ч очоод л уулздаг. Ордын гадаа гараад л санал бодлыг нь сонсдог. Боломж л байвал уулзаад явахыг боддог болохоор тэдний талд ороод, уриалаад байна гээд шууд дүгнэж болохгүй биз. Миний байр суурь ийм л байна. Ер нь ч тэгээд энэ бүх гарч байгаа бухимдал бол гажуудал, завхралтай л холбоотой шүү дээ. Уул уурхайг зохицуулсан Ашигт малтмалын хууль нь ямар байгаа билээ. Төрийн өмчийг хэдхэн хүн хувааж завшиж байна. Ийм асуудал бодитоор байна. Хариуцлагатай, ил тод уул уурхай гэж ярьдаг боловч хамгийн хариуцлагагүй, хаалттай үйл ажиллагаа тэнд явж байна. Иргэд энэ асуудлаар байр сууриа илэрхийлэх нь зөв биз. Харин бид санаачилга гаргаад даруй ажиллах ёстой юм. Эцэг өвгөдийн ясаа эвж бидэнд үлдээсэн газар нутгийнхаа баялгийн эзэн нь монголчууд бүгд байх ёстой. Хэдхэн хүн дэлхийн хэмжээний баян болоод бусад нь өөдлөхгүй байж болохгүй биз дээ. Нийтээрээ л сэтгэл хангалуун амьдрах бололцоог бүрдүүлэхийн төлөө ажиллах ёстой юм.
-Тэр 15 хүний асуудал бол тусдаа байх. Би тийм, ийм гээд хэлчхэж чадахгүй. Ер нь л өмч хувьчлалтай холбоотой асуудал байгаа. Газрын баялгийг илүү эрх мэдэлтэй, илүү мэдээлэлд ойр байсан хэсэг 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн гажуудал, завхарлаар далимдуулж гаднын хүмүүстэй хуваагаад авчихсан шүү дээ. Энэ хуулийг даруй өөрчлөх ёстой. Ерөөсөө л гаднын нөлөөллөөр батлагдсан хууль гэдгийг нь хүмүүс ил тод ярьж байна. Бас энэ хуульд туссан заалтууд ч хэрэгжихгүй байна. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордод дахин хайгуулын лиценз олгохгүй гээд хуульд бий. Гэтэл өнөөдөр 600 гаруй ордод дахиад хайгуулын лиценз олгочихсон байсан.
-Тэр асуудлаар Дээд шүүхэд өгсөн гэсэн. Хуулийнх нь хүрээд үзэх байлгүй дээ.Тухайн үед ярьж байхад боломж байхгүй л гэж байсан. Манай туршлагатай, нэр хүндтэй хуульчид МАХН-ыг байгуулах боломжгүй л гэж үзсэн.
-Би МАН-ыг байгуулж, нэрээ солихыг эхнээс нь дэмжиж байсан хүн. Үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй биз дээ. Хүн хүнтэйгээ хүний ёсоор яагаад хандаж болохгүй гэж. Өнөөдөр үзэл бодлоо өөрөөр илэрхийлснийх нь төлөө тэр хүн дайсан болдог байж таарахгүй. Хоёр намаар нь талцуулж байсан бол одоо хэсэг бүлгээр нь талцуулах гээд байх юм. Нийгэмд тиймэрхүү хагарал, ёзоор гаргадгаа болих цаг болсон. Бидний өвөг эв эе гэдэг ихэд ч, багад ч хэрэгтэй гэж сургаж ирсэн шүү дээ.