
Ерөнхий сайдын энэ удаагийн албан томилолт Говьсүмбэр аймгаас эхэллээ. Тэрээр төрийн албан хаагчидтай уулзахдаа ажлын хариуцлагаа ухамсарлаж, иргэн бүрт хүрч ажиллахын зэрэгцээ иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлээр бодитой ажил хийхийг үүрэг болгов.
Ерөнхий сайдтай хамт БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, ХНХ-ын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон ажлын албаны хүмүүс хамт явна.

2016-2020 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажил 92.5 хувийн биелэлттэй байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн сургууль, Нэгдсэн эмнэлгийн барилга, 50 хүүхдийн цэцэрлэг барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажил ид үргэлжилж байна. Аймгийн хэмжээнд дундаж цалин 918 мянган төгрөг байгаа нь улсдаа дөрөвдүгээр байранд ордог гэсэн үг юм.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх одоо аймгийн төвийн Сүмбэр сумын иргэдтэй уулзаж байна. Уулзалтын дараа Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, оюутнуудтай уулзана.