
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Оюундарь, Б.Энх-Амгалан Н.Энхболд, Д.Оюунхорол нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Гишүүдийн зүгээс эдийн засаг, нийгмийн 2019 оны үндсэн чиглэлийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ 2019 онд эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрэхээр тооцож байгаа нь хэр бодитой болох, мөн энэ жилийн эдийн засгийн өсөлт хэдэн хувьтай байгааг лавлаж байлаа.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариултдаа, Засгийн газар эдийн засгийн зөв бодлого явуулсан нь үр дүнгээ өгч байна. 2018 оны эхний улирлын байдлаар Монгол Улсын эдийн засаг 6,1 хувиар өссөн. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал нөхцөл байдал сайжирсан. Цаашдаа энэ бодлогоо үргэлжлүүлбэл, эдийн засгаа тогтворжуулж, хөрөнгө оруулалтын олон асуудлыг шийдэх боломж байгаа. Иймд 2019 онд эдийн засгийн бодит өсөлт 8 хувьд хүрнэ гэж тооцодлсон гэж байлаа.
Тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Энхболд 2019 оны нэгдсэн төсөв хэлэлцэх үед зэвсэгт хүчний техник хэрэгслийг шинэчлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатайг Байнгын хорооны гишүүд анхааралдаа авахыг хүссэн бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нийт нутгаар хуурайшилт ихтэй байгаа тул ОБЕГ-ын гал унтраах техник хэрэгслийг шинэчлэх, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг дэмжих талаар үг хэллээ. Ингээд УИХ-ын тогтоолын төслийн талаархи Байнгын хороо санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.