
Өдгөөгөөс 30 жилийн өмнө Монгол Улсад анх удаа ардчилсан, чөлөөт сонгуулиар Ардын Их Хурлыг байгуулан, БНМАУ-ын Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хуулиар Ерөнхийлөгчөө сонгож, танхимын зарчмаар ажиллаж анхны Засгийн газрыг байгуулж, 1990 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Бага Хурал анхдугаар чуулганаа хуралдуулснаар Монгол Улсад орчин цагийн байнгын ажиллагаатай парламент үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй.

Улсын Бага Хурал нь хоёр жил хүрэхгүй хугацаанд ажиллахдаа шинэ нийгмийн эрх зүйн үндсийг тогтоон олон хууль, тогтоол, олон улсын гэрээ, конвенцыг баталж, Ардын Их Хурлаас даалгасны дагуу Монгол Улсын шинэ Үндсэн хуулийн төслийг хүн төрөлхтний түгээмэл үнэт зүйлсийн зарчмуудад тулгуурлан боловсруулж, өргөн барьсныг Ардын Их Хурлын депутатууд 76 хоног хэлэлцэн 1992 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр баталснаар Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнасан, парламентын засаглалтай Бүгд Найрамдах Улс болсон.

Иймд Монгол Улс ардчиллын замаар эргэлтгүй замнаж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны ойн хүрээнд “”Монгол Улсын Их Хурал 30 жил” ойн хүндэт медаль бий болгох нь зүйтэй хэмээн үзэж уг тогтоолын төслийг санаачлан боловсруулжээ.