
Бөхийн өргөөнд МҮБХ-ны 8 дугаар “Их Эе” хурлын үйл ажиллагаа өчигдөр буюу бямба гарагийн өглөө 11 цагт эхэлж шөнийн хоёр цагт өндөрлөсөн байна. Дөрвөн жилд нэг удаа болох ёстой ч ээлжит хурлаа өнжих, хойшлуулах, ээлжит бусаар хийж хүчинтэй, хүчингүй хэмээн маргаан үүсгэх болсон “Их эе”-д энэ удаа нийт 200 төлөөлөгч оролцохоос 153 төлөөлөгч албан ёсоор хуралд хүрэлцэн ирж, мандатаа авчээ.
Үдшийн 23 цагт тэргүүн болон Цэцдийн зөвлөлийн 44 гишүүнийг сонгох нууц санал явагдлаа. Холбооны тэргүүнийг сонгох сонгуулийн саналд дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын заан Ц.Магалжав нарын нэрийг хурлын төлөөлөгчид дэвшүүлжээ. Харин эдгээр нэр дэвшигчдээс дархан аварга Б.Бат-Эрдэнээс бусад нь нэрээ татжээ.
Улмаар тэргүүнийг сонгох санал асуулгад 143 төлөөлөгч саналаа өгснөөс гурван санал хүчингүй болж, нийт 140 санал дэмжсэнээр Б.Бат-Эрдэнэ Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдов. “Их Эе”-ийн хэлэлцэх асуудалд МҮБХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах байсан. Үүний дагуу дүрэмд тэргүүн орон тооны бус байхаар баталсан юм. Иймээс УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ МҮБХ-г удирдан явуулах бүрэн боломжтой болжээ.