

Төрийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш 651 хоног өнгөрч байна. Энэ хүрээнд УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгч, Төрийн албаны зөвлөлөөс нийт 47 журам батлан хэрэгжүүлж байгаа. Өнөөдрийн байдлаар 198 мянга гаруй төрийн албан хаагчдын 60 орчим хувийг 1980 оноос хойш төрсөн залуучууд эзэлж байна. Залуу ахмад үеийн залгамж халаанд анхаарч, төрийн албаны үйл ажиллагааны арга барил, ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлага үүссэн.


Уулзалтын үеэр Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны чиглэлүүд болох Төрийн албан дахь Хүний нөөцийн аудитын газар, Маргаан хянан шалгах газар, Төрийн албаны сонгон шалгаруулалтын үйл явц, Төрийн албаны ерөнхий шалгалт, Төрийн албаны сургалт судалгааны талаар шинэ хуулийн хэрэгжилтийн хугацаанд хийсэн ажлын товч тайлангаа Төрийн албаны зөвлөлийн гишүүд, УИХ-ын байнгын хороодын дарга, гишүүд, төлөөлөгчдөд танилцууллаа.

"Төрийн албаны шинэ хуулийг дагаж мөрдөөд хоёр жил өнгөрлөө. Энэ хууль урьдах хуулиас зарчмын хувьд цоо шинэ хууль болсон. Энэ хууль төрийн албан хаагчдад тавигдах шаардлага, төрд орж ажиллах иргэдэд тавигдах шалгуур өндөрссөн. Төрийн албан хаагчийн сахилга хариуцлага, ёс зүйг чангатгасан. Төрийн албаны томилгоо бүхэн зөвхөн шатлан дэвших зарчимд үндэслэж хийгдэхийг хуульчилсан, төрд хохирол учруулсан албан тушаалтан эдийн засгийн хариуцлага хүлээх болсон. Төрийн албаны зөвлөлийн бүрэн эрх бүтэц бүрэлдэхүүнийг өргөжүүлж хараат бус ажиллах нөхцөл бололцоог хангасан гэх мэт шинэ зохицуулалт бий болсон. Энэ хуулиар Монгол Улсад төрийн албыг чадавхжуулах, шударга төрийн албатай болох, иргэдийн төрд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилтыг тавьсан.
Өмнө нь хариуцлага алдсан төрийн албан хаагчдад хүлээлгэх хариуцлага тодорхой биш, сонгуулийн дараа төрийн албан хаагчдыг хоморголон ажлаас халдаг, хариуцлагагүй албан хаагчдаас болж төрд учирсан хохирлыг барагдуулах зэрэг олон тодорхойгүй асуудал байсныг өөрчилсөн. Төрийн алба анхан болон дунд шатандаа хүнд суртал ихтэй байгааг иргэд хэлдэг. Үүнийг хууль эрх зүйн орчны хүрээнд нь шийдээд явж байна.
Иймд төрийн албан хаагчдын ажлын гүйцэтгэлд суурилсан тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай байгаа юм. Хэн илүү чадварлаг, бүтээмжтэй ажиллаж байна, тэр хэрээрээ өндөр цалин авдаг, нийгмийн баталгаа нь хангагддаг болох ёстой. Ингэж байж жинхэнэ утгаараа төрийн албаны шинэчлэл хийгдэнэ. Олон улсын сайн жишгийг харахад ч ийм байдаг. "

"Энэ удаагийн парламентад УИХ-ын Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг өргөтгөж, Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороог байгуулсан. Өнгөрөгч есдүгээр сард Улсын Их Хурал, Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран төрийн байгууллагуудын Ёс зүйн зөвлөлийн нэгдсэн зөвлөгөөнийг “Итгэл даах төрийн албаны төлөө” уриан дор зохион байгуулсан. 25-аас дээш албан хаагчтай төрийн албанд Ёс зүйн зөвлөл ажиллах ёстой.
УИХ-ын намрын чуулганаар Төрийн албаны Ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төслийг батлуулахаар ажиллаж байна. Одоогоор манай улсад улс төрийн албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагын чиглэлээр ямар нэг хуулийн зохицуулалт алга. Мөн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагууд, албан хаагчдын ёс зүй, сахилга хариуцлагатай холбоотой асуудал орхигдсон байдаг. Энэ асуудлуудыг цогцоор нь шийдэхийн тулд хууль гаргах шаардлагатай байгаа юм.

"Төрийн албаны зөвлөл өнгөрсөн хугацаанд тодорхой ажлуудыг хийж, үр дүнд хүрсэнд баяртай байна. Тухайлбал, төрийн албаны нэгдсэн санг цахимжуулах ажлыг өндөр түвшинд зохион байгуулсан. Цахим шилжилтийг үр дүнтэй хийснээр төрийн албаны шалгалтыг аваад шууд дүнг нь тэр даруй олон нийтэд танилцуулдаг болсон.
Технологид суурилсан шалгалтыг авснаар төрийн албыг шударга, ил тод, нээлттэй болгоход тодорхой хувь нэмэр оруулж байна. Ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, инновац нэвтрүүлдэг, орчин үеийн техник технологийг ашиглаж чаддаг байх шалгуурууд төрийн албан хаагчдад зүй ёсоор тавигдаж байна. Мерит зарчмыг тухайн ажил дээрээ хэдэн жил болсноор нь дүгнэдэг буруу жишиг байсан. Бодит утгаараа бол тухайн ажил дээрээ хүлээн зөвшөөрөгдөж байгаа байдлыг хэлдэг.
Мөн тухайн ажилтны зэрэг ахих асуудлыг зөвхөн ажилласан жилээр нь тооцдогийг болих хэрэгтэй. Тухайн ажил дээрээ хүлээн зөвшөөрөгдсөн, мэдлэг чадвараа дээшлүүлсэн, үр бүтээлтэй ажилласан байдлыг нь харгалзан үздэг тогтолцоог нэвтрүүлэх шаардлагатай. Төрийн албаны тухай хууль хэрэгжээд хоёр жил өнгөрсөн байна. Алдаа, оноотой зүйл бий.
УИХ-ын намрын чуулганаар Төрийн цахим харилцааны тухай, Мэдээллийн өгөгдөл хамгааллын тухай, Мэдээллийн аюулгүй байдлын тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэхээр бэлтгэж байна. Эдгээр хуулиудыг дагаад 60 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт орно. Эдгээр хуулиуд батлагдвал бидэнд мэдээлэл, технологийн нарийн мэргэжлийн ажилтнуудын хэрэгцээ их болно.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд цахим шилжилтийг хийж байгаа. 21 аймаг, 330 сумдад шилэн кабель, 3G сүлжээ ороогүй газрууд олон бий. Тиймээс 2021 оны төсвийн хуулийн төсөлд орон нутгийн хатуу болон зөөлөн дэд бүтцийг сайжруулахад онцгой анхаарч, 23 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байгаа. Төрийн үйлчилгээний албан хаагчдад шаардлагатай тоног төхөөрөмж, технологийн асуудлыг нь шат дараатайгаар шийдээд явж байна.


