
Анх 2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноос хойш завсаргүй 5 удаа түмэн олныхоо итгэлийг хүлээн төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын гишүүнээр ажиллаж буй Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн бичсэн нийтлэлийг уншигч танаа толилуулж байна. Тэрбээр өдгөө УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны даргаар ажиллаж байгаа билээ.

Монгол бөх, жү-до, самбо, сүмо бөхөөр барилдахын хамт 1997 оноос Монголын жү-до бөхийн холбооны ерөнхийлөгчөөр ажиллаж байх үедээ биеийн тамир, спортын хууль боловсруулах ажлын хэсэгт ажилласан надад тухайн үеийн намын удирдлага “Баталсан хуулийнхаа хэрэгжилтийг хангахын тулд энэ том салбарын төлөөллийг УИХ-д оруулах бодлого байна” гээд 2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших санал тавьсан юм.
Тангараг өргөх ёслолын үеэр урьд нь тойрон дэвдэг байсан төрийнхөө далбаанд сөгдөн адис авах мөчид “Жирийн ардын хүү би төрийн хүн боллоо. Нэрийн төдий гишүүн биш, нарийн чанд зарчимтай төрийн хүн байна шүү” гэж өөртөө шивнэсэн юм аа.
Аливаа хүнд амьдралдаа, ажил албандаа баримтлах зарчим гэж байдаг. Миний хувьд “Амьтны амь хороохгүй, алт ухахгүй, архи үйлдвэрлэхгүй” гэсэн зарчимтай хүн. Энэ зарчмаа би зөрчилгүй өдий хүрлээ, цаашдаа ч тийм л байна.
Энэ 6 зарчмын зөвхөн тав дахийн тухайд хэлэхэд төр, ард түмний нэр барьж бонд, ЖДҮ зэрэг сангуудаас хувьдаа зээл авсангүй, хамаарал бүхий этгээддээ ч авч өгсөнгүй, төсөл, тендер, концесст оролцсонгүй, төрийн албыг төрлийн алба болгосон томилгоонд хутгалдсангүй, улсын хөрөнгө мөнгийг хэмнэх үүднээс гадаад томилолтоос татгалзаж, тэр ч байтугай албан өрөөндөө шаардлагагүй засвар хийлгэсэнгүй, Батлан хамгаалахын сайдаар ажиллах үедээ албаныхаа машиныг амин хувьдаа ашиглаагүй.
УИХ-д таван удаа сонгогдон, их улс төрд 20 шахам жил зүтгэсэн замналаа эргээд санахад дээрх зарчмуудаасаа өчүүхэн ч болов хазайсан үг хэлж, үйлдэл хийсэн эндэл нэг ч гаргалгүй байж чаджээ. Энэ бол аав ээж, өвгөдөөсөө олж авсан багын минь суурь хүмүүжил төлөвшил, монгол бөх хэмээх өв соёл, их спорт хэмээх чанга хатуу сорилт, цаг наргүй хөдөлмөрөөс надад суусан “За гэвэл ёогүй” байх жудаг чанар минь юм болов уу гэж бодож байна.

Биеийн тамир, спортын хуулийн ачаар олимпийн аваргууд төрж, “Урт нэртэй хууль”-ийн буянаар газар нутаг, байгаль дэлхий сэргэж, Их эзэн богд Чингис хааны маань өлгий нутаг Хан Хэнтий маань түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болж байгаа нь монголчууд бидний нийтийн амны хишиг юм даа. Энэ бүгдэд миний оруулсан хувь нэмэр багагүй бий шүү гэж бодоход сэтгэл өег байна.
Миний бие парламентын танхимд анх орж ирсэн 2004 оны үеийг бодвол одоо нэгэнт ахмад төрийн түшээдийн нэг болжээ. Ахмад хүн аливаад буруугаар биш зөвөөр үлгэрлэх ариун үүрэгтэй, энэ талаар хэний ч өмнө нүүр улайж, нүд рүүгээ чичлүүлэхээргүй зөв замналтай байх шиг эрхэм юм байхгүй гэж боддог хүн юм аа, би. Энэ бол хэнд ч тал алдахгүй бөөрөнхийлж, амиа хоохойлж явахын нэр огт биш билээ. Би хэсэг шударга нөхдийн хамт Оюутолгойн гэрээг анхнаас нь эсэргүүцэж, аргаа бараад УИХ-ын чуулганы танхимын шатан дээр суун эсэргүүцэл илэрхийлж, гэрээг шалгах ажлын хэсэгт ажиллаж, Дубайн гэрээг буруутган үгээ тодоор хэлж явлаа. Цаашид ч энэ чиглэлээр улам даацтай ажиллах болно.
Бусдад үлгэр болохын үүднээс “Аварга” дээд сургуулийг үүсгэн байгуулагчийн хувьд Боловсролын тухай хууль хэлэлцэх үед чуулганы хуралдааныг орхин гарч байлаа. Харамсалтай нь Банкны тухай хууль хэлэлцэхэд банктай нөхөд маань, Компанийн тухай хууль хэлэлцэхэд компанитай нөхөд маань гарч явахгүй л байна. Цаашид энэ янзаараа байж яав ч болохгүй дээ.
Энэ удаагийн УИХ-ын шинэ гишүүдэд лекц уншихдаа парламентын гишүүний ёс зүй, УИХ-ын тухай хууль, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийн талаар дэлгэрэнгүй ярьж, эхнээсээ хатуу шаардлага тавьж ажиллахаа шуудхан хэлсэн билээ.
УИХ-ын чуулганыг телевизээр шууд дамжуулдаг тул хэн ямар асуудлаар юу ярьж байгаа, хэн нь зөв үлгэртэй, ёс жудагтай, ажил хэрэгч байгаа, хэн нь хэрүүл уруул, доромжлол, дарамтлал ярьж суугааг биднийг сонгосон ард түмэн минь харж байдаг. УИХ-ын гишүүн хүний ёс зүй, мэдлэг боловсрол, ажлын чадвар, сэтгэлгээний түвшин, үзэл бодол зэргийг бидний хэлж буй үг, асууж буй асуулт, гаргаж буй санал, биеэ авч яваа байдал, хуралдаа оролцож буй байдлаас харсан сонгогчид, ард түмэн маань “Энэ хүн улс орны эрх ашгийн төлөө үнэнчээр зүтгэх хүн үү, уран цэцэн, дүр эсгэсэн яриагаар хувийн эрх ашгаа хаацайлсан хуурамч хүн үү” гэдгийг бэлхнээ мэдэж, дор дорын дүгнэлтээ хийж байдаг нь хэнд ч ойлгомжтой.
Хөгжлийн бодлого парламентаасаа, парламентын шийдэл гишүүдээсээ.
Монгол Улсад байнгын ажиллагаатай парламент үүсээд 30 жилийн нүүр үзэж байна. Энэ бол хүний амьдралаар жишихэд сурч хүмүүжиж, боловсорч төлөвшөөд, мэргэжил мэдлэг эзэмшин, ажил алба эрхэлж, орон гэр толгойлох нас. Тийм болохоор бид баяраа тэмдэглэх ялдамд парламент маань хэр төлөвшин туршлагажиж, хэр оновчтой зөв хууль гаргаж, түүнийгээ хэр сурталчилж, биелэлтийг нь хэрхэн хангуулж байна гэдэг талаас илүүтэй тунгаан бодох нь зүйтэй болов уу гэж санана.
Бид тусгаар улс л юм бол хүнснийхээ хэрэгцээг дотоодоосоо хангана, цахилгаанаа өөрснөө үйлдвэрлэнэ, нефтийн бүтээгдэхүүнээр бусдын хараат байхаа болино гэсэн гурван үндсэн зорилт дэвшүүлээд шийдэж болох хугацааг холыг харсан бодлогогүйгээсээ, хэт улстөржин талцсан сөргөлдөөнөөсөө болж алдсан юм биш биз? Харин энэ гурван ажлыг өнөөгийн Засгийн газар маань зоригтой дэвшүүлээд чармайн ажиллаж байгаад монголчууд бид бүгдээрээ талархах ёстой.
Бид бусдын оновчтой, зөв сайн жишээнээс суралцахын оронд санаатай ба санамсаргүйгээр бусдын алдааг давтсан юм биш биз? Миний бие Германы парламентэд хэд хоног ажиллаж ирээд үзсэн харсан, ухаарч ойлгосон болгоноо улиг болтол ярьж, бичлээ. Тэнд улс төр, бизнес хоёр тусдаа. Парламент дотор бизнесийн хүмүүс сууж байх нь битгий хэл, улстөрч хүн улс төрийн ажлаа өгөөд бизнесийн салбарт ажиллах, компанийн бизнест зөвлөгөө өгөхөд ч ард түмэн нь их дургүйцдэг юм байна. Гэтэл манайд эсрэгээрээ байна. Энэ бол бидний засах ёстой нэг том алдаа мөн.
Тэгэхээр бид парламентынхаа бүтэц, гишүүдийнхээ мэдлэг чадвар, боловсрол туршлага, ёс зүй зэрэгт онцгой анхаарсан сонгуулийн хуультай, улс төрийн намын тухай шинэ хуультай болох шаардлагатай байна.
Ард түмэн биднээс Үндсэн хуульдаа заасан хүмүүнлэг ёсыг нэхэж байгаа тул миний бие “Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай” хуулийн төсөл санаачилж, өргөн мэдүүлсэн бөгөөд намрын чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд ороод байна. Мөн “Хүмүүнлэг ёсны тухай” хуулийг ч санаачлах бодолтой байна.
Ойрын 10 гаруйхан жилийн дотор дэлхийг хамарсан генетикийн кодчилол, 3D хэвлэл, иж бүрэн автоматчилал, робот, нанотехнологи, биотехнологийг хамарсан их өгөгдөл, ухаалаг технологи, хиймэл оюун ухаанд суурилсан аж үйлдвэрлэлийн IV хувьсгалын босгоор улс орон маань нэгэнт алхан ороод байна. Энэхүү хувьсгалын нөлөөгөөр ажлын шинэ байр олноор гарна гэж нэг хэсэг эрдэмтэд үзэж байхад, нөгөө хэсэг нь энэ үйлдвэрлэлийг удирдах дээд зэргийн өндөр ур чадвартай, сэтгэлгээний багтаамж ихтэй цөөн хүн, гүйцэтгэх энгийн ажил хийх цөөвтөр хүнээс бусад нь ажлын байргүй болно гэцгээж байна.
Наад зах нь эрүүл чийрэг, бүтээлч, ёс зүйтэй, төлөвшсөн хувь хүнийг буй болгох суурь нөхцөл болсон биеийн тамир спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж, спортын барилга байгууламж олноор байгуулах, зөвхөн Улаанбаатар хотод л гэхэд хөлбөмбөгийн талбай, усан бассейн олон арвыг байгуулах ажлыг одооноос бодож төлөвлөх хэрэгтэй байна.
Парламентынхаа 30 жилийн ойг тохиолдуулан ахмад, дунд үеийн гишүүддээ залуусаа үлгэрлэн улам ихийг бүтээхийн ерөөл өргөж, залуу гишүүддээ бидний зөв сайн бүхнийг орхилгүй авч, буруу дутуу, алдаа эндлийг давтахгүй байж, эх орон, ард түмнийхээ төлөө шударга үнэнчээр, тууштай зүтгэхийг уриалъя.