
-Ёс зүйн дэд хорооны ирц яагаад бүрдэхгүй байна вэ?
-УИХ-ын Ёс зүйн дэд хороо дүрмээрээ УИХ-ын гишүүний ёс зүйтэй холбоотой асуудлыг хэлэлцдэг. Дүрмээрээ зургаан гишүүнээр хурал эхлэх ёстой ч өнөөдрийн байдлаар таван гишүүн ирсэн учраас ирц бүрдээгүй.
-Дэд хорооны хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх байсан бэ?
-Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын нэгдсэн чуулганыг тасалдуулж, гишүүдийн карт сугалж, ирцийг санаатайгаар тасалдуулахыг оролдсон Шадар сайд Ө.Энхтүвшин, Хууль зүйн байнгын хорооны хуралдааныг тасалдуулсан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж нарын ёс зүйн асуудлыг хэлэлцэх байсан.
Ёс зүйн дэд хорооны дүрэмд өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа юм. Энэ дүрэм өөрөө их баригдмал байгаа бөгөөд бид шинэчилж, өөрчлөхөөр ажиллаж байна. Тухайлбал, процессын хувьд маш их цаг орохоор байгаа юм. Мөн тэр хөдөлгөөний зүгээс хөрөнгө орлого нь үндэслэлгүйгээр нэмэгдсэн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлдэг байх хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй гэдэг санал тавьсныг би хүлээж авч, өөрөө санаачлан явна гэдгээ хэлсэн.
-Ёс зүйн хорооны хуралдааныг зохион байгуулалттай, санаатай хойшлуулаа гэж та харж байна уу?
-Ёс зүйн дэд хороо бол хангалттай ажиллаж байгаа гэж бодож байна. Би бүх хүнд дэд хороо хуралдана гэдэг мэдээлэл өгсөн байсан, тэд ч мэдэж байгаа.
-УИХ-ын гишүүн Б.Наранхүү гэхэд Ёс зүйн дэд хорооны гишүүн хэрнээ чуулганы хуралд бараг л суудаггүй. Түүний асуудлыг тусад нь авч үзэх үү?
-Тэгнэ, тусад нь авч хэлэлцэнэ. УИХ-ын гишүүдийн асуудлыг хэлэлцэнэ. Түүний дараа Ёс зүйн дэд хорооныхоо гишүүдийн асуудлыг бас хэлэлцэнэ. Энэ дэд хорооны есөн гишүүн маш өндөр ёс зүйтэй, цаг баримталдаг, зарчимтай хүмүүс байх ёстой. Өөрсдөөсөө эхэлж хариуцлагатай байж 76 гишүүн, төрийн албан хаагчдад үлгэрлэнэ.
-Ёс зүйн хороонд хөрөнгө орлогын мэдүүлгийн асуудлаар хэлэлцэгдэх гэж байгаа гурван гишүүн тайлбараа ирүүлсэн үү?
-Тайлбараа ирүүлсэн. Тэр асуудлыг Ёс зүйн дэд хороогоор хэлэлцсэний дараа мэдээлэл өгнө.